Д ВИТАМИНЫ ТУХАЙ

2024-08-22 03:03
Д ВИТАМИНЫ ТУХАЙ

Д ВИТАМИНЫ ТУХАЙ 

Д витамин нь тосонд уусдаг витамин юм. Хоол хүнсэнд барагтаа агуулагддаггүй бөгөөд бидний биеийн арьсны/нарны гэрлийн тусламжтайгаар/нийлэгжилт нь Д витамины байгалийн гол эх үүсвэр болдог. Нарны туяа,хоол хүнс,нэмэлт тэжээлээс олж авсан Д витамин нь идэвхгүй хэлбэрээр байдаг ба элгэнд очиж идэвхтэй хэлбэр болон хувирдаг.

Нарны тусламжтай үүсч болох Д витамины тун дараах зүйлсээс болж хувь буурч болно.


  • Нарны тос түрхэх- Нийлэгжилт 90орчим хувиар буурна
  • Арьсыг бүрэн бүрхсэн хувцас өмсөх
  • Гадаа хязгаарлагдмал цагийг өнгөрөөх
  • Арьсны өнгө бараан буюу арьсны меланин их хүмүүст
  • Нас ахих тусам Д витамины нийлэгжилт буурна
  • Хэт ягаан туяаны гэрэл сул байдаг экваторын дээгүүр хойд өргөрөгт амьдардаг хүмүүст. 

Дараах тохиолдолд Д витамины дутагдал үүсч болно.

  • Цагаан хоолтон
  • Өндөг,сүү,загасыг хоол хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүс
  • Лактоз үл тэвчилтэй хүмүүс
  • Гэдэсний үрэвсэлт өвчний үед/шархлаат колит,кроны өвчин/ болон өөх тосны шингээлт алдагддаг эмгэгүүдийн үед
  • Таргалалттай хүмүүс
  • Ходоод нарийн гэдэсний тайралт/мэс засал/хийгдсэн үед

Удаан хугацааны туршид Д витамины дутагдалтай байснаар рахит, яс зөөлрөх эмгэгээр өвдөж болно.

Биологийн үүрэг:

1.       Кальци болон фосфорын шимэгдэлтийг дэмжих

2.       Ясны эрдэсжилтийг дэмжих

Хүнсний эх үүсвэр:

Өөхтэй загас,өндөгний шар,бяслаг,үхрийн элэг зэрэгт бага зэрэг агуулагдана.

Монголчуудын хувьд цаг уурын нөхцөл байдал,газарзүйн онцлог байдлаас шалтгаалан хоногт авах Д витамины тун бусад орны хүмүүсээс их байж болно.

 Урьдчилан сэргийлэх тун:

Насанд хүрэгчид :2000IU/хоногт

Хүүхэд :1000 IU/хоногт

Эмчилгээний тунг эмчээс зөвлөгөө авч уух хэрэгтэй.

Эрдэмтэн судлаачид нарнаас авах Д витаминыг 10-16 цагийн хооронд 5-30 минутын хугацаатай нүүр,гар,хөлөө ил гарган нарны тос түрхэхгүйгээр гадаа байхыг зөвлөдөг.

Цусан дахь Д витамины илүүдэл буюу хордлогын үед:

  • Анорекси
  • Жин алдах
  • Зүрхний хэм алдагдах
  • Цусан дахь кальцийн хэмжээ ихэссэнээс судас хатуурах,улмаар зүрх болон бөөрөнд эмгэг байдал үүсч болно.

Та үүнийг мэдэх үү?

  • Цонхны шил болон машины цонхны шил UV туяаг бүрмөсөн хаадаг тул Д витамины нийлэгжилтэнд тус болохгүй.
  • Д витамины дутагдлаас шалтгаалж ясны сийрэгжилт үүсч болох тул Д витаминаа тогтмол уугаарай.
  • Судалгааны үр дүнгүүдээс харвал Д витамин нь хорт хавдрын эсрэг,хавдрын явцыг удаашруулж, үсэрхийллийг дарангуйлж байгаа ба энэ тухай судалгаанууд одоо ч хийгдсээр байна.
  • Д витамин нь судасны үйл ажиллагааны алдагдал,артерийн судасны хатуурал,зүүн ховдлын томрол,цусан дахь өөх тосны хэмжээ ихсэхтэй ч мөн холбоо хамааралтай байна.Энэ талаар одоо ч мөн судлагдсаар байна.
  • Мөн Д витамин нь тархины янз бүрийн үйл явцад оролцдог ба сэтгэл гутралын эмгэг физиологитой ч холбоотой байна. Мэдрэлийн эсүүд болон глий дээр Д витамины хүлээн авуурууд байдаг байна.
  • Витамин Д нь глюкозын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь нойр булчирхайн бета эсүүд дээрх хүлээн авууруудаар инсулины нийлэгжилтийг сайжруулж,булчин болон элэгний Д витамины хүлээн авууруудаар дамжуулан инсулины мэдрэг чанарыг сайжруулдаг байна.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл